Friday, April 16, 2010

Орос Польшийн ойлголцол

80-аад оны эхээр хэсэг польш мэргэжилтэн манай байгууллага дээр ирж билээ. Аймгуудаас манай тооцоолон бодох төвийн компьютерт мэдээлэл дамжуулж авах зориулалтаар тэдний үйлдвэрээс авсан бага оврын компьютерүүдийг хүлээлгэн өгөхөөр ирсэн хэрэг. Интернет гэж байсан биш, утасны хоёр талд компьютерүүдээ холбочихоод л үзэж тардаг байж. Явахаасаа өмнөхөн манай инженерүүдэд нэгэн зураг үзүүлсэн нь ёстой манайхны нүдийг бүлтийлгэсэн хэрэг болсон доо.
Тэр нь Зөвлөлт-Германы армиуд Польшийг ялсан ялалтаа тэмдэглэн Брест хотод хамтран парад хийж буй зураг байв. Горбачевийн өөрчлөн байгуулалт хараахан эхлээгүй, социализм ид хүчээ авч байсан цаг. Агуу их Зөвлөлт улс л дэлхийг Гитлерийн фашистуудаас аварсан, Польш зэрэг ард түмэн үүнд нь талархаж явах ёстой гээд энхрий хайрт намынхаа үзэл сурталд сохроор итгэчихсэн байсан бидний хувьд цочирдмоор мэдээлэл байсан нь мэдээж.
Тэгээд агуу Зөвлөлт гүрэн маань чухам яагаад 1939 онд л Герман Польшийг эзлэхтэй зэрэгцэн нэг юм баруун Белорус, Украйныг чөлөөлж авсан юм болоо гэж эргэцүүлж бодоод байдаггүй л байсан байгаа юм. Бид чинь угаасаа бодох ёсгүй зөвхөн уншсан, сонссондоо (намын үзэл сурталчдын бэлтгэсэн) итгэх л ёстой байв. Их бодож тунгаагаад дээрхи асуудлыг ил тод тавиад эхэлбэл түүнд хариулж мэдэх хүн олдохгүй, аягүй бол зөвлөлт засагт итгэдэггүй эсэргүү болж таарах байсан байх. Германд булаан эзлэгдэхээс нь өрсөн ах дүү нараа чөлөөлж авсан гэж бичдэг байсан санагдана. Гэтэл Польшийг хуваан эзлэх тухай гэрээг Герман- Зөвлөлт хоёр гүрэн байгуулаад энэ гэрээний дагуу 1939 оны 9-р сарын нэгэнд Герман улс Польш руу довтолж, Зөвлөлт гүрэн 17-нд баруун талаас нь дайран оржээ. Ингээд холбоотон гүрнүүд ялалтын парад хийсэн байжээ. Оросын ерөнхий сайд Владимир Путин Катынь дахь олон мянган Польш офицерийн оршуулгын газар ирж өвдөг дээрээ сөхрөн хүндэтгэл үзүүлэв. Энд 4000 польш офицер, лам нар, сэхээтнүүд зэрэг “хувьсгалын эсэргүүчүүд” 1940 оны 4-5 сард Сталины дотоодыг хамгаалахынханд алагдсан ба тэр үед Зөвлөлтөд нийтдээ хоёр түм гаруй Польшчууд амиа алдсан юм. Польшчуудын хувьд энэ тун эмзэг сэдэв бөгөөд тухайн үедээ Зөвлөлтөд сурч байсан Польш оюутнууд ч мөн л баримтат зураг авч ирэн хэдийгээр өөрсдөд нь халтай байж болох ч хамт сурдаг оюутнууддаа үзүүлдэг байсан гэдэг. Дотоод явдлын яаманд алба хашиж явсан, Оросын ерөнхий сайд өвдөг сөхрөн хүндэтгэл үзүүлсэн нь түүхэн том үйл явдал бөгөөд Орос-Польшийн харилцаанд том эргэлт гаргаж ч болох юм. Путины хамт Польшийн ерөнхий сайд Дональд Туск болон хэлмэгдэгсэдийн ар гэрээс ч төлөөлөгч ирсэн байжээ. Алга болсон офицерүүдийг Манжуур руу зугтсан хэмээн гүтгэж байсан нь тоталитар дэглэмийн уучилж болшгүй нүгэл байсан гэж Путин мэдэгджээ.
Путин 2009 оны 9-р сард “Польшчуудад хандсан” ил захидал бичиж, Гитлер-Сталин нарын 1939 онд байгуулсан гэрээгээр Польшийг хуваасныг буруутгасан нь Орос Польшийн харилцааны түүх бичлэгт шинэ хандлага байв. Оросын олон нийтийн телевизээр Польшийн “Катынь” киног гаргасан нь “Орос Польшийн харилцаанд эргэлт гаргалаа” гэж Польшийн сонингууд бичжээ. АНУ-ын пуужингаас хамгаалах систем Польшууд нутагтаа байрлуулах болсныг Оросууд өөрсөдөд нь дайсагнасан үйлдэл гэж үзэн цэрэг зэвсгийн эсрэг арга хэмжээ авахаар заналхийлсээр байгаа юм. Ямар сайндаа улиралд л нэг удаа цөмийн цохилтоор сүрдүүлж бай л даа хэмээн Польшийн гадаад хэргийн сайд Радослав Сикорски ёжилж байхав. ЕХ болон Оросуудын харилцаанд Польш-Оросын харилцааны хүйтрэл нь хүндрэл учруулсаар ирсэн тул Европчууд ч энэ мэдээнд таатай хандаж байна. Уг нь Путин уучлал гуйх байх гэж Польшчууд хүлээж байсан боловч Оросын Ерөнхий сайд эх орон нэгтнүүдийнхээ саналыг харгалзан үзэхээс аргагүй байсан биз. Оросын иргэдийн олонхи нь уучлал гуйхын эсрэг байгаа бөгөөд судалгаа явуулахад 54 % нь Польшуудыг хэлмэгдүүлснийг мэдэхгүй гэж хариулсан юм чинь аргагүй л юм даа. Хоёр том хөршийн дунд байх Польш Монгол хоёрын хувь заяа ч төстэй юмаа даа. Ялгаатай нь тэд эрх ашгийнхаа төлөө тууштай явж, хамгаалж чадаж байна. Гэхдээ зөвхөн төрийн хэмжээнд ч бус иргэд нь ч зүтгэл гарган хамжиж дэмжиж байж үр дүн гардаг юм байна. Ингэхэд Оросууд хэлмэгдсэн Монголчуудын төлөөнөө уучлал гуйх болбол хаана очих билээ? Орост тийм газар байгаа эсэхийг би мэдэхгүй, байдаггүй бол одоо хөөцөлдөж бий болгох хэрэгтэй юм.

No comments: