Sunday, April 11, 2010

Эмгэнэл илэрхийлэв

Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Л.Качински, гэргий М.Качинска болон тус улсын төр засгийн өндөр албаны хүмүүсийн онгоц осолдсон эмгэнэлт явдал болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эмгэнэл илэрхийллээ.
Уг эмгэнэлд: Бүгд Найрамдах Польш улсын Сеймийн Маршал эрхэмсэг ноён Бронислав Коморовски танаа
Эрхэмсэг ноён Дарга аа,
Өнөөдөр буюу 2010 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Л.Качиньски, гэргий М.Качинска болон польшийн төр, засгийн өндөр албаны олон хүн онгоцны осолд орж зуурдаар амь эрсэдсэнд гүнээ харамсаж байна.

Талийгаач Ерөнхийлөгч, түүний гэргий болон осолд өртсөн олон хүмүүс монголын ард түмний дотнын андууд байсан бөгөөд Монгол-Польшийн харилцааг хөгжүүлэхэд тэдний оруулсан хувь нэмрийг монголын ард түмэн дурсан хүндэтгэх болно.
Энэхүү эмгэнэлт осолд өртөж, олон хүн амь үрэгдсэнд эдгээр хүмүүсийн гэр бүлийнхэнд болон польшийн ард түмэнд монголын ард түмний өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье. ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ” гэжээ.

Дашрамд мэдээлэхэд, амь үрэгдэгсдийн дунд Монгол-Польшийн харилцааны төлөө идэвхитэй ажиллаж байсан хүмүүс байсан байна.  Тухайлбал,
• Дүрвэгсдийн засгийн газрын үед Польшийн Ерөнхийлөгч байсан Ришард Качоровски
• Сеймийн Дэд маршал Кшиштоф Путра
• Сеймийн Дэд маршал Ежи Шмайжински
• Сенатын дэд маршал Кристина Бохенек
• ОХУ-д суугаа Элчин сайд Ежи Бахр
• Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Владислав Сташиак
• Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Анджей Шчигло
• ЕТГ-ын сайд, төрийн нарийн бичгийн дарга Павел Выпых
• ЕТГ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Мариуш Ханзлик,
• ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Януш Кремер
• Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Станислав Коморовски
• Соёл, Үндэсний өвийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Томаш Мерта
• Жанжин штабын дарга Генерал Франчишек Гонгор нар болон Парламентын 15 гишүүн /Тэдний дотор Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга байхдаа Монгол улсад айлчилж байсан Йоланта Шиманек Дереш, Парламент дахь Монголын бүлэгт олон жил идэвхтэй ажиллаж байсан,  Изабелла Яруга –Новацка нар оржээ/ - төр засгийн бусад өндөр албан тушаалтнууд явсан болохыг албаны эх сурвалж мэдээлж байна.
Мөн Польшийн Иргэний эрхийн төлөөлөгч Януш Кохановски, Польшийн Үндэсний банкын дарга Славомир Скшипек зэрэг зарим томоохон байгууллагын удирдлагууд явж байжээ. Түүнчлэн Польшийн хуурай зам, тэнгэс, нисэх хүч, оператив алба, тусгай алба, Варшавын гарнизоны командлагчид явжээ.

No comments: