Friday, April 16, 2010

Польш хоёрдугаар дайнаас хойш хамгийн том хохирол амсав

Польш улс долоо хоногийн гашуудал зарлаад байна. Тус улсын Ерөнхий сайд Дональд Туск энэ явдлыг "Польш улсад дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн том гарз хохирол тохиолоо" хэмээн тодорхойлжээ. Өнгөрөгч бямба гаригт тус улсын Ерөнхийлөгч Лех Качйньский болон түүний гэргий Марина, тус улсын парламентийн депутатууд, хэд хэдэн яамны орлогч сайд, Төв банкны ерөнхийлөгч зэрэг өндөр зиндааны төлөөлөгчдийн хөлөглөж явсан Ту-154 онгоц сүйрсэн билээ.
Онгоц ОХУ-ын баруун хилийн ойролцоох Смоленск хотын цэргийн нисэхийн "Северный" буудалд газардах гэж байгаад осолдсон юм.

Осол Москвагийн цагаар 10.56 цагт болсон бөгөөд энэ үеэр манантай байсныг эх сурвалжууд нотолж байна. Тус буудлын хөдөлгөөний удирдагчид онгоцыг өөр буудалд, тухайлбал Минскт буухыг зөвлөсөн ч онгоцны нисэх багийнхан Смоленскт аваарын буулт хийх шийдвэрийг өөрсдөө гаргажээ. Осол болох үед нисэх буудлаас холгүй байсан гэрчүүдийн нэг Польшийн телевизийн ажилтан Славомир Вишневски "Манан дунд зүүн далавчаараа газар шүргэх шахам доогуур нисч яваа онгоцыг харсан. Төдөлгүй хүчтэй дуугарч гал гарсан" хэмээн өгүүлжээ. Онгоц дөрвөн удаа газардахыг оролдсон ба сүүлийн оролдлогынхоо үеэр мод мөргөж сүүл нь тасарч хэдэн хэсэг болон бутарч шатжээ. Онгоцонд нийтдээ 132 зорчигч явсан гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалжид дурдсанаар бол 96 хүн амь үрэгдсэний найм нь нисэх багийнхан байжээ. Өндөр албаны 89 хүн төлөөлөгч явах байснаас, нэг нь явж амжилгүй үлдсэн гэжээ. Зорчигчдоос нэг ч хүн амьд үлдээгүйг Смоленск мужийн захирагч Сергей Антуфьев нотолжээ. Одоо амь үрэгдэгсдийн цогцосыг таниулах зорилгоор Москвад авчраад байна.

Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский Польшийн төлөөлөгчдийг тэргүүлэн Катаньд 1940 онд Оросын дотоод яамныханд алагдсан 15 мянган Польш офицеруудын дурсгалын цогцолборыг нээх арга хэмжээнд оролцохоор явж байжээ. Энэ жил 70 жилийнх нь ой болж байгаа Катынийн эмгэнэлт явдал ийнхүү дахин томоохон эмгэнэл араасаа дагууллаа. Польшчуудын хувьд Катынь "догшин" газар бололтой. Одоо ослын шалтгааныг тогтоох комиссыг ОХУ-ын ерөнхий сайд ахалж байгаа бөгөөд Смоленскт ирээд байна. Уг нь тэр энд Польшийн ерөнхий сайдтай уулзахаар төлөвлөж байсан юм.

Краковын сүмийн хонхыг таван жилийн дараа дуугаргалаа
Польшид олон мянган хүн эмгэнэн гашуудаж байна. Тэд Ерөнхийлөгчийн ордны өмнө цугларан эмгэнэлээ илэрхийлсээр байна. Ерөнхийлөгч Лех Качиньский бол улс орондоо төдийгүй дэлхий дахинд нэр хүндтэй нэгэн байлаа. Ялангуяа Польшийн залуу үе түүнийг тойрон хүрээлж байв. Олон мянган Польш иргэд ерөнхийлөгчөө амь үрэгдсэн гэдэгт итгэж ядан нүдэндээ нулимстай байгааг ВВС-ийн мэдээнд онцолжээ. Зөвхөн онцгой үйл явдлын үеэр л нэг дуугаргадаг Польшийн Краковын сүмийн том хонхыг дэлджээ. Энэ хонхыг таван жилийн өмнө Ромын пап лам, Польш гаралтай II Иоан Павлыг нас барахад л ийн дэлдэж байсан юм. Тус улсын Үндсэн хууль ёсоор парламентын доод танхим болох Сеймийн Маршал /дарга/ Бронислов Коморовский одооноос эхлэн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана. Бронислов Коморовский  хоёр долоо хоногийн дотор Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлах тухайгаа мэдэгдээд байна.

Буянт-Ухаагаас буцах үед энэ онгоцонд "но" илэрч байжээ

2008 онд талийгч Ерөнхийлөгч Лех Качиньский Монголд айлчилсныг олон хүн санаж байгаа байх. Тэгэхэд Улаанбаатараас буцах үед онгоцны жолоодлогын механизмд гэмтэл илэрч байсан гэх мэдээллийг BBC агентлаг онцолжээ. Тэр онгоц ээлжит аяллынхаа үеэр ийн осолджээ.

Ашиглалтад ороод 20 жилийн нүүр үзэж байгаа дээрх Ту-154 онгоцыг өнгөрөгч оны 12 дугаар сард их засварт оруулсан гэх мэдээллийг ОХУ-ын үйлдвэрлэгч талын төлөөлөгч мэдэгдээд байна. Онгоц нь ажлын хэрэгцээ шаардлага хангахгүй байгааг Ерөнхийлөгч өөрөө сануулж байсан удаатай гэнэ.

Осол нисэгчдийн буруутай шийдвэр, үйл ажиллагаанаас шалтгаалсан байж болзошгүй байна. Цаг агаарын тааламжгүй нөхцөлд хөдөлгөөнийг зохицуулах албаны өгсөн сануулга зөвлөмжийг үл тоон аваарын буулт хийх шийдвэрийг бие даан гаргасан гэх зэмлэл тэдэнд лавтайяа ногдож байна. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онгоцны осол нисэгчдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан хэмээн баталж байна. Түүнээс гадна энэ онгоц техникийн хувьд шаардлага хангахгүй байсан гэх мэдээлэл ч бас байна. Ах дүү их хоёр Качиньскийн тухай уншигчид санаж байгаа байх. Дүү Ярослав Качиньский нэгэн үе Польшийн ерөнхий сайдаар ажиллаж байсан билээ.

Ерөнхийлөгч Лех Качиньский Варшав хотноо 1949 оны зургадугаар сарын 18-нд инженерийн гэр бүлд төржээ. Эцэг нь дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин ба армийн офицер, эх нь 1944 оны Варшавын бослогод оролцож байсан хэл судлаач хүн байв. Тэрбээр 13 настайдаа ихэр Ярославын хамт "Сарыг хулгайлсан хоёр" нэртэй хүүхдийн үлгэрийн кинонд тоглож байжээ. Энэ кино одоо хүртэл Польш хүүхдүүдийн үзэх дуртай кино хэвээр байгаа юм байна.

Лех Варшавын их сургуулийн хуулийн факультетад суралцсан. 1972 онд магистр, 1979 онд докторын зэргийг Гданьскийн их сургуульд хамгаалсан бөгөөд 1990 оноос тус их сургуульд багшилж байжээ.

Улс төрийнхөө карьерыг тэрээр Ажилчдыг хамгаалах хороонд 1977 онд ажилласнаар эхэлжээ. Тухайн үедээ тэр нь коммунизмын эсрэг нууц байгууллага байсан юм. 1980 онд Гданьскийн ажил хаялтын хорооны хуулийн зөвлөх байсан ба Польшид онц байдал тогтоосны дараа тэрээр 11 cap шоронд хоригдож байв. Суллагдаад "Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн нэгэн комиссыг толгойлж байлаа. Хожим тэрээр сейм ба сенатад сонгогдон гишүүн болсон аж. Дараа нь Польшийн ерөнхийлөгчийн захиргаанд Үндэсний аюулгүй байдлын товчоог толгойлж байгаад Дээд хяналтын танхимыг удирдах болжээ. Мөн Хууль зүйн сайдаар ажиллаж байв.

Ихрийнхээ хамт 1991 онд "Эрх зүй ба шударга ёс" улс төрийн нам байгуулж жилийн дараа Варшав хотын захирагчаар сонгогдсон байна. Качиньский хотын захирагч байх үедээ Варшавын нэгэн талбайг Чеченийн анхны ерөнхийлөгч Жохар Дудаевын нэрээр нэрлэж байжээ.

2005 оны сонгуулиар тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Түүний уриа нь христийн үнэт зүйлсийг эргэн сэргээх "ёс зүйн шинэчлэл" байлаа.

Хэн хэн амь үрэгдэв
TVN24 телевизийн мэдээнээс үндэслэн Польшийн "Wiadomosci" хэвлэл Польшийн ерөнхийлөгчийн онгоцны сүйрлээр амь үрэгдэгсдийн урьдчилсан жагсаалтыг гаргажээ.

-Рышард Качоровский /Польшийн сүүлчийн хөөгдмөл ерөнхийлөгч/
-Франтшпек Гонгор /Польшийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга/
-Кшиштоф Путра /Сеймын дэд спикёр/
-Кристина Боченек /Сенатын дэд спикер/
-Ежи Шмайдзиньский /Сеймын дэд маршал, Польшийн Батлан хамгаалахын сайд асан/
-Владислав Стаеяк /Польшийн ерөнхийлөгчийн тамгын газрын дарга/
-Александр Щигло /Польшийн Үндэсний аюулгүй байдлын товчооны дарга/
-Яцек Сааин /Польшийн ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга/
-Павел Выпых /Польшийн ерөнхийлөгчийн тамгын газрын төрийн нарийн бичгийн дарга/
-Станислав Коморовский /Польшийн Батлан хамгаалах яамны орлогч сайд/
-Томаш Мерта /Польшийн соёл ба үндэсний өвийн яамны орлогч сайд/
-Мацей Плажинский /Сеймын маршал асан/
-Мариуш Казана /Польшийн дипломат протоколын албаны дарга/
-Мариуш Хандзлик /Польшийн ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан/

Амь үрэгдсэн парламентын төлөөлөгчид:
1.Лешек Дептула, депутат
2.Григорий Долняк, депутат
3.Гражина Генсицка депутат
4.Пржемыслав Гонсевский, депутат
5.Себастьян Карпинюк, депутат
6.Изабелна Яруга-Мовапжая, депутат
7.Збигаев Вассерсан, депутат
8.Алексамдра Иаталли-Свиат
10.Аркадиуш Райбики, депутат
11.Иоланта Шиманек-Дереш, депутат
12.Веслав Вода, депутат  
13.Эдуард Войтас, депутат
14.ЯнинаФетлинская, сенатор
15.Станислав Заяц, сенатор

No comments: