Friday, April 2, 2010

Польшид Монголын өдөрлөг болов.

Монгол, Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой холбогдуулан Монгол Улсаас БНПУ-д суугаа Элчин сайдын яам, Польш, Монголын найрамдлын нийгэмлэг, Жерардов хот дахь Баруун Мазовшийн музей хамтран “Монгол – Хөх тэнгэрийн уудам дэлгэр орон” сэдэвт үзэсгэлэнг саявтар нээж, өдөрлөг зохиов.  Үзэсгэлэнг нээж Жерардов хотын дарга Анджей Вилк, ЭСЯ-ны зөвлөх Б.Дорж,  Польш Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Г.Цессак нар үг хэлэв.

Өдөрлөгийн үеэр Монголын байгалыг харуулсан Катажина Цессакийн гэрэл зургууд, Монголын соёл уламжлалыг харуулсан эд зүйлсийг дэлгэн үзүүлснээс гадна музейн гадаа гэр барьж, монгол хоолоор дайлж, Монгол Улсын улс төр, эдийн засгийн байдал, аялал жуулчлалын боломжийн талаар илтгэл ярианууд хийж, дүрс бичлэг үзүүлэв.
Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан н.Баасанжаргал, Польш, Монголын найрамдлын нийгэмлэгийн дарга Г.Цессак нар польш, монгол дуу дуулж, дараа нь Польш, Монголын найрамдлын нийгэмлэгээс монгол үндэсний хувцас, зан заншлын талаар биечлэн үзүүлж, тайлбарлан ярьсан нь Польшуудын сонирхлыг ихэд татав. 
Энэхүү үзэсгэлэн, өдөрлөгт монгол, польш олон зуун иргэд оролцож, монгол үндэсний хоол амталж, нөхөрсөг яриа хөөрөө өрнүүлсэн сайхан арга хэмжээ болов хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.

No comments: