Friday, April 16, 2010

Онгоцыг VIP-хүчин зүйл осолдуулжээ

Өнгөрсөн бямба гаригт Смоленскийн ойролцоо сүйрсэн Польшийн ерөнхийлөгчийн онгоцны хар хайрцгийг уншин судлах ажиллагаа үргэлжилж байна. Онгоц унасан газарт мөрдөн байцаагчид болон мэргэжилтнүүд ажлаа хийж байна. Гэсэн хэдий ч зарим нэг урьдчилсан таамаглал хэлэгдэв. Шинжээчид Смоленскийн ойролцоох нисэхийн ослын гол шалтгааны нэг нь онгоцонд байгаа VIP-хүний зүгээс үзүүлсэн шахалтын дор гаргасан нисгэгчийн алдаа гэдэгтэй ерөнхийдөө санал нийлээд байна.

Осолд хүний хүчин зүйл нөлөөлсөн байж болох талтай Оросын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах комиссийн дарга Александр Бастрыкин хэлэв. Тэрээр ням гаригт Оросын ерөнхий сайд В.Путинд  илтгэхдээ урьдчилсан дүгнэлтээр онгоцонд техникийн доголдол байгаагүй гэв. Тийм дүгнэлтийг нисгэгч нарын ярианы бичлэгээс хийлээ гэсэн байна. “Бичлэгийг уншихад онгоцонд техникийн саатал байхгүй байсан ба нисгэгч цаг агаарын байдлын тухай мэдээг авсан боловч газардахаар шийдсэн байжээ.


Польшууд Катынийн талаар ярьж байна
Далан жилийн өмнө болсон хэрэг ба өнөөгийн ослын хооронд гай барьцадын холбоо байгаа гэж үзэх польшууд олон болжээ. Тэдний хувьд Катынь гэдэг нь хараалтай, дайсагнасан газар болов. Энэ тухай тэд ярьж, бичиж байна.

Нисэгчийн таавар

Өнгөрсөн бямба гаригмйн орон нутгийн цагаар 10,50-д Варшав-Смоленскийн чиглэлээр нисч байсан Ту-154 онгоц газардах үеэрээ нисэх зурвасаас 300 метрийн зайд ойн дунд унан сүйрсэн билээ. Онгоцонд явсан Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн толгойлсон 88 хүнтэй албан ёсны төлөөлөгчид ба багийн найман гишүүн бүгд 96 хүн амь үрэгдэв. Тэд Катыньд очин Сталины дэглэмд хөнөөгдсөн польш офицерүүдийн дурсгалыг хүндэтгэхээр ирж явсан юм.
Сүйрлээр амь үрэгдэгсэдийн дунд Үндэсний аюулгүй байдлын товчооны дарга Александр Щигло, Польшийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга болон армийн төрлүүдийн командлагч нар, парламент ба ерөнхийлөгчийн албаны олон хүн байлаа.
Энэ үеэр “Северный” нисэх буудалд өтгөн манантай байсан ба энэ тухай өмнө нь Оросын цаг уурын албаны мэдээнд хэлэгдсэн байв. Нислэгийг удирдаж байсан хүмүүс онгоцны нисгэгч нарт манантайг сануулан ойр хавийн Минск, Витебск, Липецк ба Москвагийн буудлуудын дуртайдаа буухыг санал болгож байлаа. Гэсэн ч багийн дарга “Северный”-д газардахаар шийдсэн байна. ОХУ-ын Нисэх хүчний ерөнхий штаын орлогч дарга дэслэгч генерал Александр Алешин тодруулан тайлбарлахдаа олон улсад тогтсон практикаар онгоцыг буулгах эцсийн шийдвэрийг нисгэгчдийн баг гаргадаг ба цэргийн диспетчерүүдийн заавар нь иргэний нисгэгчдийн хувьд зөвлөмжийн шинжийг агуулдаг ажээ.

Онгоц унахдаа дөрвөн хэсэг болон бутарсан байв. Гэрэл зургийг АР

Ерөнхийлөгчийн онгоц дөрвөн удаа буулт хийхээр оролдоод бүтэлгүйтсэн байна. Агаарын тээврийн Оросын агентлагийн дарга Александра Нерадько ярихдаа онгоц нь тогтоогдсон хэмжээнээс хэтэрхий доогуур нисч найман метрийн өндөр модыг мөргөжээ. Онгоц хэт доогуур явснаас гадна нисэх зурвасаас 150 метрээр зөрөн хазайсан байв.

Онгоц ба нисэх буудалд саад тотгор байсангүй

Болсон хэрэг явдлын гол шалтгаануудын нэгээр техникийн доголдлын хувилбарыг авч үзлээ. Ту-154 (заводын дугаар— 90А837) онгоцыг хэдийгээр 1990 онд ОАО «Авиакор — авиационный завод»-д үйлдвэрлэсэн боловч их засварт 2009 оны арванхоёрдугаар сард орсон байв. Онгоцыг ашиглалтад өгөх актад 2009 оны арванхоёрдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан ба дараагийн засварыг нь зургаан жилийн дараа хийх ёстой байсан гэж нисэх заводын инжнер Алексей Гусев хэлсэн байна. Гуравдугаар сарын байдлаар Качиньскийн онгоц 50 удаа нислэг хийн 124 цаг агаарт байжээ. Үүнээс өмнө уг онгоцыг төрийн тэргүүн нараа зөөхөд 20 жил ашигласан байлаа.  Качиньскийн өмнөх ерөнхийлөгч нар болох Войцех Ярузельский, Лех Валенса, Александер Квасьневский нар энэ онгоцоор явж байсан гэнэ. Одоо гэрээний дагуу ерөнхийлөгчийн өөр нэг онгоц  ТУ-154М (заводын дугаар — 90А862) Самарын  заводод их засвартай байгаа аж.
Энэ бүгдийн зэрэгцээ онгоц дөрвөн удаа буухаар оролдсон нь түүнийг техникийн доголдолгүй байсныг харуулж байна. Өмнө нь “Северный” нисэх буудлын аюулгүйн албаны доголдлын талаар яриа бас гарсан юм.  Тэр буудал нь цэргийн буудал байх үеэр ЗХУ-ын баатар В.С. Гризодубовагийн нэрэмжит тээврийн нисэх хороо байрлаж байсан ба өнгөрсөн жилийн аравдугаар сараас уг хороог татан буулгаад нисэх буудлыг  иргэний болгожээ. Мэргэжилтнүүд уг буудлыг Оросын хамгийн найдвартай буудлуудын нэг гэж үздэг ба агаарын ямар ч хөлгийг хүлээн авах чадвартай гэнэ. Дөрөвдүгээр сарын 7-нд тэнд польш сэтгүүлчдийн суусан Як-40 онгоц буулт хийсэн байна. Дараа нь нисэн ирсэн Ил-76 онгоц нисэх буудлын дээгүүр хоёр тойрог хийгээд манан татраагүй байсан учир Москвад буцжээ. Гурав дахь онгоц нь ерөнхийлөгчийн Ту 154 байжээ.

VIP-хүчин зүйл

Оросын туршин нисэгч Акименков осол нисэгч нарын алдаанаас болсон гэж үзэж байна. “Нисгэгч нь илүү маневртай хурдан онгоцоор нисч байсан хүн байх. Цэргийн нисэгчийн сэтгэлгээ харагдаж байна. Тэдний нислэгийн соёл бол өөр. Магадгүй тэр нисэх зурвасыг үзээд онгоцоо хэт хазайлгасан байж болно. Гэхдээ далавчныхаа уртын тооцоог алдснаас хэт хайзалгасан байх. Тэр дадсан зуршлаараа л буулт хийх гэжээ. Дөрөв дэх оролдлого байсан учир нервтэй байж. Нисгэгч онгоцоо хэт огцом хазайлгасан байна” гэж тэр таамаглалаа хэлэв. Гэхдээ тэр нисгэгчийг буруутгасангүй.
“Багийн дарга л буулт хийхээ шийднэ. Качиньскийн үгэнд оролгүй онгоцоо Тбилисид буулгаагүй нисгэгч ажилгүй болсныг тэр лавтай санаж байсан байх. Мэдээж, Польшийн ерөнхийлөгч Катыньд цагтаа буухаар яарч байсан учир нисгэгчийг буу гэж шахсан байж болох юм” гэж Акименков тэмдэглэв. 2008 оны наймдугаар сард Качиньскийн нисгэгч онгоцоо Тбилисид буулгахаас татгалзсан хэрэг байдаг. Онгоцонд нь Польш, Латва, Литва, Эстон , Украины тэргүүн нар Качиньскийн хамт Саакашвилитай уулзахаар яарч явжээ. Нисгэгчид Тбилисийн нислэгийн зураг гарт нь байсан ч Качиньскийн тамгын газар онгоцыг Тбилисид очно гэж төлөвлөөгүй байсан учир нисгэгч Качиньскийн үгэнд орсонгүй. Тэрээр энэ ээдрээтэй дайн тулаантай үед VIP-зорчигчдынхоо амь насыг эрсдэлд оруулахаас болгоомжилсон байв. “Бид энэ хэргийг зүгээр өнгөрөөхгүй. Дээд хэмжээнд авч үзнэ” гэж Качиньский загнаж байсан ба нисгэгчийг халсан сурагтай. Дээрээс тушааснаар ийм хэрэг гарсан байх гэсэн таамгийг хэлсэн бас нэг шинжээч нэрээ нууц үлдээхийг хүссэн байна. “Нисэхийн багийн дарга ба хоёрдугаар нисгэгчийг үнэнээсээ өрөвдөж байна. Тэд Смоленскаас өөр буудалд буух саналыг аваад ерөнхийлөгчийн люкст очиж хэлсэн нь ойлгомжтой. Буулт хийх хоёр дахь оролдлого бүтэлгүйтвэл заавал өөр буудал руу нисэх журам бий... Энд ерөнхийлөгч эсвэл нисэх хүчний командлагчийн зүгээс шахалт байсан байж магадгүй. Нисгэгчийн хувьд энэ байдалд гарц байхгүй. Гүйцэтгэ эсвэл ажилгүй хоцорно гээд л. Магадгүй хэн нэг нь кабинд ирээд шахалт үзүүлсэн байх” гэж 50 гаруй онгоцны ослын хэргийг мөрдөхөд оролцож байсан тэрээр хэлжээ.
Тээврийн прокурорууд гол төлөв нисгэгч нарыг буруутгах талдаа байдаг бөгөөд хэрэв бие даасан гурван мөрдөн байцаагч суусан бол бичлэгүүдийг судлан хэргийн учрыг олж чадна. Тэрнээс биш мөрдөн байцаалт тусгай комисаас түрүүлж болохгүй гэсээр байгаад баримтууд нь сайд нарт дарагдан хэн ч хэргийн учрыг мэдэхгүй өнгөрнө хэмээн тэр өөдрөг бусаар хэлэв. Энэ бүх таамаглал тааврууд гэрч нар нь өнгөрснөөс үлдэх нууц болон хоцрох бололтой.

No comments: