Friday, April 16, 2010

Орос дахь Польшийн эмгэнэл үргэлжлэв

Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын Смоленскийн ойролцоо Польшийн ерөнхийлөгчийн онгоц газардахынхаа өмнө сүйрсний дараа энэ үгийг тус улсын ерөнхий сайд Дональд Туск хэлжээ. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньский болон түүний гэргий, түүний ажлын албаныхан болон тус улсын парламентын / Сеймийн /дэд дарга, Сенатын дэд дарга болон парламентын 12 гишүүд энэхүү онгоцны ослоор амь үрэгдэв.
Мөн Польшийн батлан хамгаалахын Жанжин штабын бүрэлдэхүүн тэр чигээрээ болон тус улсын цэргийн шуурхай бие бүрэлдэхүүн болоод Агаарын цэргийн хүчин Тэнгисийн цэргийн флотын  командлал, тусгай үүргийн цэргийн удирдлага гээд Зэвсэгт хүчний Дээд командлал бараг бүгд энэ ослоор сүйдсэн байна. Энэхүү сүйрэл Польшийн ард түмнийг цочирдуулсан үндэсний эмгэнэл болж хэдэн мяннган хүн Польшийн нийслэлийн гудамж талбайд цуглан гашуудлаа илэрхийлсээр байгаа бөгөөд гашуудлын долоо хоног зарласан байна. Оросын Засгийн газрын тэргүүн Владимир Путин “Энэ бол бидний ч эмгэнэл. Бид ч та нартай хамт гашуудаж байна” гэж хэлжээ. Оросын нийслэл Москва дахь Польшийн ЭСЯ-ны өмнө Оросын иргэд эмгэнэл илэрхийлэн цэцгийн баглаа тавьсаар байгаа аж. ОХУ-ын ерөнхийлөгч В.Медведев зарлиг гарган өнөөдрийн өдрийг улс орны хэмжээнд гашуудлын өдөр болгосон байна. Европын холбоо ч мөн энэ өдрийг гашуудлын өдөр болгон зарлаж байгаа юм.  Сүйрэл болсон Оросын энэхүү Смоленск нутгийн Катынь хэмээх тосгонд далан жилийн өмнө Польшийн 4 мянган офицерийг гэр бүл төрөл төрөгсдийнх нь хамтаар Сталины тушалаар буудан хороож байсан билээ. Тэрхүү эмгэнэлт явдалд үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэхээр Польшийн ард түмнийг төлөөлөн очиж явсан ерөнхийлөгч нь ийнхүү түүхийн эмгэнэлт хуудсыг нэгээр нэмэх юм гэж хэн санах билээ.

Осол юунаас болов

Ослын шалтгааныг тогтоохоор хоёр орны шинжээчид ажиллаж байгаа бөгөөд онгоцны хар хайрцаг нь олдсон тул чухам нисгэгчдийн алдаа байв уу, эсвэл техникийн шалтгаан байсан уу гэдэг нь нэг их ажил оролгүй тодорхой болох бололтой. Урьдчилсан байдлаар Польшийн ерөнхийлөгчийн онгоц буухаар доошлох үед Москвагийн цагаар бол өглөөний 10 цаг өнгөрч байсан байна. Онгоцыг доошлох үеэр өтгөн манантай байсан тул Оросын нислэгийг удирдах төвийн ажилтнууд польшийн нисэгч нарт өөр нөөц буудлыг санал болгон тийшээ нисэхийг зөвлөжээ. Тэдний санал болгосон буудал нь зэргэлдээх Белорусийн Минск болон Витебск хотууд байсан гэнэ. Гэвч нисэгчид орчны байдлыг харж байгаад дараа нь шийдвэрээ гаргана гэж хариу хэлсэн ажээ. Энэ сүйрлийг гэрч Польшийн телевизийн ажилтан Славомир Вишневский Смоленскийн нисэх буудлын дэргэдэх зочид буудлын өрөөний цонхоор харсан зүйлээ ярихдаа:  Манан будангийн завсраар онгоц маш доогуур нисэж байхыг олж харсан. Харин онгоцны зүүн далавч нь газар луу чиглэсэн байсан. Ямар нэг зүйл хугарах чимээ гараад дараа нь тэр битүү дуу гарах нь сонсогдсон. Тэгээд л зэрэг шахам хоёр ч галын дөл цоролзон гарч ирсэн” гэжээ. Орчны нөхцөл байдалтай очиж танилцсан ОХУ-ын Онцгой байдлын сайд Сергей Шойгу урьдчилсан мэдээллүүдийг үндэслэн дүгнэхдээ онгоц үзэгдэх орчин тааруу нөхцөлд буухынхаа өмнө босоо тэнхлэгийн дагуу байх ёстой хэмжээнээс 100-150 м хазайсан байсан гэж мэдэгдсэн байна. Хэрэв эдгээр мэдээлэл үнэн бол нисэгчдийн буруутай үйлдлээс болж сүйрэл болсон гэх таамаглал үнэн болж таарах юм.

Оворжсон техникийн осол байсан уу

Нөгөө талаасаа техникийн хувьд ч асуудалтай байсан гэх мэдээлэл хангалттай байгаа юм. Ерөнхийлөгч агсан Качиньскийн онгоцонд асуудал гарсан тохиолдол өмнө нь зургаан ч удаа болж байжээ. Тэдгээрийн зарим нэг ноцтойгоос нь дурдахад  2008 оны 2-р сард Монголд ирэх үеэр түүний онгоцны удирдлагын механизмд гэмтэл гарснаас Польшийн ерөнхийлөгч өөр онгоцоор Токио хот руу нисэж байсан аж. Гэтэл энэ явдлаас гуравхан хоногийн дараа Сөүл рүү нисэх үеэр нь онгоц нь агаарын урсгалд орж эхний буултаараа бууж чадалгүй дахин өндөр авч байж буусан гэнэ. Энэ нислэгийн дараа ерөнхийлөгч Качиньский болсон явдлыг байдаг л үзэгдэл хэмээн тайлбарлаж байсан юм. 2009 оны 1-р сард Украйны ерөнхийлөгчтэй уулзахаар нисэх үед нь онгоцны эд ангиуд хөлдсөний улмаас нислэг хойшилж уулзалтын цагаасаа хоцорч байсан түүхтэй ч юм байна. Орост үйлдвэрлэсэн Ту-154 хэмээх загварын энэ онгоц нь 1990 онд бүтээгдсэн бөгөөд  өмнөх үеийн ерөнхийлөгч нар болох Войцех Ярузельский, Лех Валенса болон Александр Квасньевский нар хөлөглөж байсан унаа юм. Хамгийн сүүлд энэ онгоцыг 2009 оны 12-р сард Орост их засварт оруулан гаргажээ. Энэ талаар Оросын шинжээчид “Польшийн ерөнхийлөгчийн онгоц их засвар хийлгэснээсээ хойш 124 цагийн нислэг хийж 50 удаагийн буулт хийсэн байсан бөгөөд техникийн нөхцөлийн хувьд хангалттай үзүүлэлттэй байсан гэж баталж байгаа билээ. Хамгийн сүүлд хийсэн их засварын дараа төрийн тэргүүнийхээ онгоцыг солих тухай асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцэж байсан аж. Энэ талаар Качиньский өөрийн бодлоо хэлэхдээ “ Нислэг болгон тодорхой эрсдэлтэй байдаг, тэгвэл Ерөнхийлөгчийн үүрэг ч тун чухал эрсдэл дагуулдаг учраас байнга л нисэх хэрэгтэй болдог юм” гэж хэлж байсан аж. Зарим нэг эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол удирдлагын төвөөс санал болгосон Белорусийн хотуудад газардах саналыг хүлээж авагүй нь учиртай байж болох гэнэ. Өмнө нь Лех Качиньский ОХУ-ын ерөнхиийлөгч В.Путин болон Белорусийн ерөнхийлөгч Лукашенко нарыг өөрийн оронд ирэхээс наана тухайн улсуудад айлчлахгүй гэдгээ мэдэгдэж байсан билээ. Тэр мэдэгдлээс хойш В.Путин Польшид албан айлчлал хийж байсан бол Лукашенко айлчлал хийгээгүй байсан билээ. Магадгүй энэ шалтгаанаар Польшийн ерөнхийлөгчийн зүгээс Белорусийн Минск болон Витебскэд буухыг зөвшөөрөхгүй байсан гэсэн таамагдлалыг польгийн хэвлэлүүд хийж байгаа гэнэ.

Ослын өмнө болоод дараа нь..
 Энэ цаг үед ослын өмнө юу болсон бэ гэдэг сонирхолтой асуултаас илүү ослоос хойш юу болох вэ гэдэг тун сонин байгаа юм. Ерөнхийлөгч агсан Качиньский бол Оростой аль болох зай барьж харилцахыг хүсдэг нэгэн байсан юм. Тийм ч учраас тэрээр Катыньд болох эмгэнэлийн ёслолын үеэр Оросын төлөөлөгчидгүйгээр зөвхөн Польшийн төлөөлөгчдийн хамтаар хүндэтгэл илэрхийлэх төлөвлөгөөтэй явж байсан байна. Харин сөрөг намын тэргүүн болох Польшийн ерөнхий сайд Д.Туск болон түүний “Иргэний баримтлал” либераль хөдөлгөөн нь Оростой харилцаагаа ойртуулах чиглэлийг барьдаг байсан аж. Тийм ч учраас Катынын ёслолын үеэр ОХУ-ын засгийн газрын тэргүүн В.Путинтай хамт очиж хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөсөн байжээ. Энэхүү ослын үеэр Качиньский болон Польшийн парламент болох Сейм дэх түүний талын маш олон гишүүд амь үрэгдсэн нь ирэх намар болох Польшийн ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг намынханд томоохон боломж олгох бололтой. Польшийн хуулийн дагуу амь үрэгдсэн ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэж байгаа Сеймийн дарга Бронислав Коморовский нь энэ сонгуулийн үеэр хамгийн хүчтэй өрсөлдөгч байх болно гэж тооцогдож байжээ. Харин одоо түүнд нэг л өрсөлдөгч хамгийн хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ гэж яригдаж байгаа нь амь эрсэдсэн ерөнхийлөгчийн ихэр болох Ярослав Качиньский болж байна. Тэрээр барууны талыг баримтлагч “Эрх ба шударга ёс” намыг толгойлж байгаа бөгөөд одоогийн Ерөнхий сайд Д.Тускийн заналт дайсан хэмээн нэрлэгддэг байна. Хэдийгээр ерөнхийлөгч агсан Качиньский болон түүний сөрөг хүчнийхэн болох ерөнхий сайд Туск нарын хооронд маш ширүүн зөрчилдөөн гардаг байсан хэдий ч ирэх намрын сонгууль харьцангуй тайван болно гэж польшууд итгэж байгаа аж. Үндэстний эмгэнэл иргэдийн эв нэгдлээр илаарших болно гэж олон хүн үзэж байгаа юм. Харин Катыньд бо лох хүндэтгэлийн ажиллагаанд Польшийн удирдлагуудтай хамт оролцсоноор Орос Польш хоёр орны цаашдын найрамдалт харилцаа сэргэхэд тус дөхөм болно гэсэн ОХУ-ын удирдагчид тэр дундаа В.Путины санаачилга тийм ч амжилттай болсонгүй. Далан жилийн өмнө чухам яг л энэ Смоленскод хоёр орны хооронд сэв суулгасан үйл явдал болж байсан бол энэ удаа ч мөн элдэв хардалт гарч ирэх шалтгаан болох вий хэмээн санаа зовних шаардлага оросуудад тулгарч байна.

No comments: