ЛЕК КАЧИНЬСКИ ГЭЖ ХЭН БЭ? Оросын Смоленск хотноо ослын улмаас нас барсан Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньски болон түүний эхнэр Мариягийн шарилыг Варшавт авчирчээ. Өнөөдөр Польшийн Ерөнхийлөгчийн ордонд талийгаачтай салах ёс гүйцэтгэх юм. Польш төдийгүй дэлхийн улс орнуудын түүхэнд нэг дор ийм олон улстөрчөө алдсан явдал гарч байгаагүй.Ерөнхийлөгч Лех Качиньски болон түүний ихэр Ярослав Качиньски хоёр Европод алдартай улстөрчид. Ихрийн нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхий сайдын албыг хашиж байсан удаатай. Үүнд дургүйцсэн хүмүүс Качиньскийн ноёрхол тогтлоо хэмээн шүүмжилж байсан юм. Тэдний тухай ид яригдаж байхад Ярослав нь Засгийн газрын тэргүүний албаа өгсөн. Лех Качиньски төрийн тэргүүний албыг хашиж байхад Ярослав түүний найдвартай ар тал нь болдог байжээ. Барууны үзлийг тууштай баримтлагч Польшийн Ерөнхийлөгчийг үзэл бодлын хувьд зөрчилтэй улстөрч гэдэг.
1980-аад онд Польш даяар коммунист дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөхөд Лех, Ярослав хоёр анх улс төрд оржээ. Үйлдвэрчний "Эв нэгдэл" хөдөлгөөний гишүүн Лех Качиньски Гданьск хотын бослогын хорооны зөвлөхөөр томилогджээ. Варшавын их сургуулийн хууль эрх зүйн факультетийг дөнгөж дүүргэсэн тэрээр Гданьскийн их сургуульд докторын зэрэг хамгаалах гэж байв. 1981 онд Польшид үймээн гарч онц байдал тогтоох үед Лех Качиньскийг баривчилж шоронд хорьсон. Үзэл бодлынхоо төлөө арван нэгэн сар хоригдсон тэрээр эргэлт буцалтгүйгээр улс төрд оржээ. Ингээд л парламентын гишүүн, Үндэсний Аюулгүйн байдлын зөвлөл, Польшийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллаж байгаад Хууль зүйн яамны сайдаар томилогдсон. Удалгүй ихэр Ярославтай хамтран "Эрх зүй ба шударга ёс" нам байгуулж нэг жилийн дараа Варшав хотын даргаар сонгогджээ. Хотын даргын албыг хашиж байхдаа бэлгийн гаж буруу зуршилтнуудыг цуглаан хийхийг хоёр ч удаа хориглосон нь нэлээд шуугиан тарьсан. Католик шашинтан тэрээр үр хөндөлт, бэлгийн гаж буруу зуршилтнуудад гэр бүл болохыг эсэргүүцдэг байсан мөртлөө цаазаар авах ялыг сэргээхийг тууштай дэмжиж байв. 2005 оны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс мөнгө хөрөнгө зэрэгт холбогдоогүй хамгийн цэвэрхэн нь Лех байсан гэдэг. Ихрүүд үүнийгээ улс төрд овжноор ашигласан. "Бид энд сарнаас өөр хулгайлсан юм байхгүй. Гэхдээ хүүхэд байхдаа кинонд тоглож л сарыг хулгайлсан" хэмээн хошигнож байв. Лех Качиньскийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Орос, Польшийн харилцаа амаргүй болсон. Тэрээр Оросыг шүүмжлээд зогссонгүй, Европын Холбоонд хандан Польшийн мах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг оруулахгүй бол тус улсын эсрэг хориг тавихыг санал болгосон удаатай. Европын Холбоо ОХУ-тай хэлэлцээ хийх гэж байхад Лех Качиньски хориг тавьж болиулж байлаа. Тэрээр хоёр улсын тулгамдсан асуудал болох гурван зүйлийг даруйхан шийдэхийг байнга шаардаж байжээ. Энэ нь Катынийн асуудал, дэлхийн II дайны талаарх дүгнэлт болон Балтийн тэнгист хий дамжуулах хоолой тавих асуудал байв. Үүнээс Катынь хамгийн эмзэг нь.
ПОЛЬШУУДАД ЭЭЛГҮЙ КАТЫНЬ
Оросын энэ жижигхэн тосгонд 1940 оны хавар Польшийн 21 мянга гаруй цэргийг буудан хороосон. 1939 онд Германы фашистууд Польш руу довтолсны дараа нууц протоколын дагуу тус улсыг ЗСБНХУ, Герман улс хоёр хэсэг болгон хуваан авсан. Польшийн олзлогдсон цэргүүдийг хорихоор Зөвлөлтийн эрх баригчид найман ч шорон байгуулсан байна. Тэнд хоригдож байсан Польшийн офицеруудыг Зөвлөлтийн Дотоод хэргийн ардын комиссариатын нөлөө бүхий гурван хүний тушаалаар хороосон болохыг хожим нь тогтоосон юм. Тэдний нэг нь Лаврентий Берия байжээ. Анх Германы фашистууд энэ аймшигт аллагыг үйлдсэн гэж дэлхий нийт ойлгодог байсан.
Үнэндээ 1943 онд Германы фашистууд Зөвлөлт рүү довтлохдоо Катынийн ойгоос польш цэргүүдийн цогцос олсон тухай анх мэдээлж байсан гэдэг. Дайны дараа Зөвлөлтийн эрх баригчид Н.Бурденко тэргүүтэй тусгай комисс байгуулж энэ хэргийг Германы фашистууд үйлдсэн гэсэн дүгнэлт гаргаж өөрсдөө цэвэрхэн үлджээ.
Хожим нь буюу 1992 онд энэ хэргийг дахин сөхөж, Зөвлөлтийн эрх баригчид үйлдсэн болох нь Катынийн ойд булсан хүмүүсийн цогцост үзлэг хийж архивын баримт бичиг зэргээр тогтоогдсон байна. Нас барагсдын дотор офицерууд төдийгүй сэтгүүлч, эрдэмтэн, үйлдвэрийн эзэд гээд Польшийн шилдэг сэхээтнүүд байжээ. Сүүлдээ 21 мянга бус 40 мянган польшийг буудсан болох нь батлагдсан байна. Ерөнхийлөгч Лех Качиньски Оросын талтай Катыний асуудлаар зөрчилдөж байсан нь учиртай юм. Гэтэл Катынийн ойролцоо Лех Качиньски тэргүүтэй Польшийн нэр нөлөө бүхий улстөрчид ийн амь үрэгдлээ.
Уржигдар дөчөөд онд Катыньд амь үрэгдсэн польшуудын дурсгалыг хүндэтгэх ёслолын ажиллагаа болох ёстой байсан. Тэнд буудуулсан польшуудыг оршуулсан газрын шороог катыньчууд Ерөнхийлөгчид нь өгөх ёстой байв. Уг нь бол Катыньд болсон эмгэнэлт явдлын 70 жилийн ойг тэмдэглэх ёслолд В.Путин Польшийн Ерөнхий сайд Д.Тускийг урьсан. Гэтэл Ерөнхийлөгч Лех Качиньски "Ерөнхий сайд маань Катыньд очих гэж байгаад их баяртай байна.
Гэхдээ хамгийн гол хүн нь Ерөнхийлөгч байх болно. Би ч гэсэн тэнд очно. Надад Оросын виз өгөх байх гэж найдаж байна" гэсэн юм. Гэтэл Катынь хэмээх газар польшуудын оюун санааны шилдгүүдийг дахин залгичихав. Польшууд Катынийг хараах нь ч аргагүй биз.
Ерөнхийлөгч Лех Качиньски Оросыг Европт хий, газрын тос нийлүүлдгээрээ түрээ барьж дарамталдаг хэмээн буруутгаж В.Путины бодлогыг хамгийн ихээр шүүмжилдэг байсан. Тэрээр төрийн тэргүүн болонгуутаа "В.Путиныг манайд зочлоход бид үргэлж баяртай байх болно" гэсэн үгээр Орост айлчлахгүй гэдгээ илэрхийлдэг байжээ. 2008 оны наймдугаар сард Орос, Гүржийн мөргөлдөөн болсны дараахан Лех Качиньски Тбилист очиж М.Саакашвилиг дэмжиж байв. Оросыг нэлээд хурцаар шүүмжилдэг байсан Польшийн Ерөнхийлөгчийн онгоц Орост сүйрдэг нь үнэхээр золгүй явдал уу.
Лех Качиньскийн хамт онгоцонд түүний намаас парламентын гишүүнээр сонгогдсон нэлээд хэдэн гишүүн, Польшид нөлөө бүхий улстөрчид явж байсан. Энэ осол нь Польшийн улс төрийн байдлыг орвонгоор нь өөрчлөхөд хүргээд байна. Польшийн Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр бэлтгэж байсан хоёр улс- төрч энэ ослоор нас барав. Хүнээ алдсан польшууд оросуудыг хардах нь ойлгомжтой.
Польшийн Ерөнхийлөгч асан, Нобелийн энх тайвны шагналт Лех Валенса ч өчигдөр энэ явдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн.
Тэрээр нисгэгчид хэн нэгний даалгавраар ажилласан байж магадгүй гэж үзэж байгаа аж. Учир нь төрийн тэргүүний онгоцны нисгэгчид маш чадварлаг гэнэ. Ямар ч манантай байсан тэд онгоцоо газардуулах чадвартай гэдгийг ч хэлж байв.
Энэ явдал нь Орос, Польшийн харилцааг улам хурцатгахад хүргэж магадгүй болоод байна.
No comments:
Post a Comment