Friday, April 16, 2010

ПОЛЬШИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АМЬ ҮРЭГДЖЭЭ.


2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленск мужид Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньски болон албаны бусад хүний суусан Ту-154 нисэх онгоц осолдлоо.
Польшийн төлөөлөгчид 70 жилийн өмнө амь үрэгдсэн эх орон нэгтнүүдийнхээ дурсгалыг хүндэтгэхээр Оросын Смоленск муж дахь “Катынь” цогцолборыг зорьж явсан юм. Катыньд амь үрэгдэгсдийн дурсгалыг Польшид дөрөвдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг байна. Польшийн Ерөнхийлөгчийн нисэх онгоц Варшаваас өнгөрөгч бямба гарагийн өглөө гарчээ. Смоленскийн “Северный” нисэх буудалд газардах ёстой байсан Ту-154 нисэх онгоц Москвагийн цагаар 10 цаг 50 минутад нисэх буудлын хөөрч-буух зурвасаас 500 метр зайтай газарт сүйрчээ.
ОХУ-ын Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, буух үед өтгөн манантай байсан учир нисэх онгоц ой модны толгойг шүргэснээс унасан байна. ОХУ-ын Онц байдлын яамны хамгийн сүүлийн мэдээгээр, онгоцонд сууж явсан 96 хүн бүгд амь үрэгджээ.

Польшийн Ерөнхийлөгчийн Ту-154 нисэх онгоцыг 1990 онд үйлдвэрлэсэн байна. Лех Качиньскигээс өмнө Ерөнхийлөгч Войцех Ярузельски, Лех Валенса, Александр Квасьневски нар энэ онгоцоор нисч байв. Польшийн хэвлэлд мэдээлснээр, Ерөнхийлөгчийн нисэх онгоцны паркийг шинэчлэх шаардлагатай болсон байжээ. 2009 оны есдүгээр сард хоёр Ту-154 хоёул ашиглалтаас гарч, төрийн тэргүүн Нью-Йорк руу иргэнийн агаарын тээврийн нисэх онгоцоор зорчихоос өөр аргагүй байдалд орж байв. Смоленкс мужид унасан нисэх онгоцыг 2009 оны 12 дугаар сард Оросын Самарын “Авиакор” үйлдвэрт бүрэн засвар үйлчилгээ хийсэн байна. Осол техникийн шалтгаантай байх үндэслэлгүй гэж онгоцны үйлдвэрийн ерөнхий захирал Алексей Гусев Оросын телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Тиймээс цаг агаар муу байсан болон нисгэгчийн алдаанаас болж осол гарсан гэж үзэж байна. Ослын шалтгааныг мөрдөн шалгасан Оросын улсын албаныхан бүгдээрээ Ту-154 өтгөн манантай байхад буусныг тэмдэглэж байна. Польшийн Ерөнхийлөгчийн онгоцноос өмнө “Северный”-д буух ёстой байсан, Оросын Улсыг аюулаас хамгаалах албаны Ил-76 онгоц хоёр удаа буух гэж оролдоод болоогүй учир Внуково нисэх буудал руу буцжээ.
Цаг агаар муу байсан тул Польшийн Ерөнхийлөгчийн нисэх онгоцны багийг Минскт эсвэл Москвад буухыг санал болгосон байна. Гэвч нисэх онгоц буух гэж дөрвөн удаа оролджээ. Польшийн телевизийн мэдээнээс иш татан ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр, өтгөн манантай байхад сүүлийн удаа буулт хийхийг оролдохдоо онгоц газраас ердөө 2,5 метрийн өндөрт байжээ. Дараа нь нисгэгч дахин хөөрөх гэсэн боловч хурд нь аль хэдийнэ багассан байсан болохоор мод дайрч, дэлбэрсэн байна. Өөр нэг хувилбараар бол, онгоц буух зурвас дээгүүр эргэлдэж байхад шатахуун нь дууссан байж болох аж. Бас онгоц буух зурвасаас өндрөөр төдийгүй өргөнөөр хадуурсан байж болох юм гэж Оросын Онцгой байдлын сайд Сергей Шойгу ярьжээ.
Оросын эрх баригчид болсон явдлын шалтгааныг бүрэн хэмжээгээр мөрдөн шалгахад тусламж дэмжлэг үзүүлэхээ амалсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев мөрдөн шалгах тусгай комисс байгуулж, Ерөнхий сайд Владимир Путиныг тус комиссыг тэргүүлэхийг үүрэг болгосон байна. Польшид явуулах мөрдөн шалгах ажиллагааг тус улсын цэргийн ерөнхий прокурор, хурандаа Кристофер Парульский хариуцаж байна.
Катыньд Польшийн 4000 гаруй офицерийг буудан хороосныг хүмүүнлэг ёсны эсрэг үйлдсэн хэрэг гэж Польшийн Ерөнхийлөгч үздэг байсан, бас тэнд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийг ариун үүргээ хэмээн польшууд үздэг учир Оросын Смоленкс мужийг Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайгаас гадна Дүрвэгсдийн засгийн газрын үеийн Польшийн Ерөнхийлөгч Рышрад Качоровски, парламентын дээд танхим буюу сенатын танхимын дэд дарга Кристина Бохенек, парламентын доод танхим буюу сеймийн танхимын дэд дарга Кшиштоф Путра, парламентын доод танхимын дэд дарга Ежи Шмайдзиньски, Үндэсний аюулгүй байдлын товчооны тэргүүн Александр Щигло, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Франтишек Гонгор, Үндэсний банкны дарга Славомир Скшипек, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Владыслав Стасяк, Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан Павел Выпых, Мариуш Хандзлик нар, Польшийн тэмцлийн дурсгалыг хамгаалах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Анджей Пшевозник, Гадаад хэргийн орлогч сайд Анджей Кремер, Соёлын орлогч сайд Томаш Мерта, Үндэсний дурсгалын хүрээлэнгийн тэргүүн Януш Куртыка, парламентын нэртэй депутат Пшемыслав Госевски, Збигнев Вассерман, Иоланта Шыманек-Дереш, Изабелла Яруга-Новацка нарын нөлөө бүхий олон хүн зорьсон аж. Харин Орост суугаа Польшийн Элчин сайд Ежи Бара амь үрэгдсэн гэсэн мэдээллийг няцаасан байна.    
Төрийн тэргүүн нь амь үрэгдсэн учир парламентын доод танхимын дарга Бронислав Коморовски Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байна. Качиньски Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаа дуусч байсан бөгөөд намар сонгууль болох байжээ. Харин одоо хугацаанаас өмнө сонгууль явуулах болж байна. Сонгуулийг зургадугаар сарын 20-ны дотор зохион байгуулах гэж байгаа бөгөөд өдрийг нь хоёр долоо хоногийн дотор зарлах ажээ.
Дэлхийн олон орны төрийн тэргүүн нар, тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Европын Холбооны удирдлага Польшийн ард түмэнд эмгэнэл илэрхийлсээр байна. Польшид долоо хоногийн гашуудал зарлажээ. Харин оросууд өнөөдөр гашуудаж байна. Европын Холбооны бүх байгууллага өнөөдөр бас гашуудаж байна. Польш улстай онцгой харилцаатай байсан Бразилид гурван өдрийн гашуудал зарлажээ.



Лех Качиньски

1949 оны зургадугаар сарын 18-нд Варшав хотод төрсөн. 1977 онд Ажилчдыг хамгаалах хороонд ихрийн өрөөсөн ах Ярославын хамт нэгдсэнээр улс төрийн карьераа эхэлжээ. Энэ хороо хожим нь “Эв нэгдэл” холбоо болсон юм. Гданьск хотод ажил хаях хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсны учир 11 сар шоронд хоригджээ. Ерөнхийлөгч асан Лех Валенсийн хамгийн ойрын хамтран зүтгэгчдийн нэг. 1990-ээд онд парламентад сонгогдож, 2001 онд ахынхаа хамт консерватив улс төрийн “Хууль ба шударга ёс” нам байгуулж, жилийн дараа Варшав хотын даргаар сонгогдсон байна. 2005 онд Польшийн Ерөнхийлөгч болжээ.


Тайлбар-ОХУ-ын Смоленск хотоос 15 км зайтай орших “Катынь” дурсгалын цогцолборыг Зөвлөлтийн үеийн /1918-1953 он/ улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн Зөвлөлтийн болон Польшийн цэргүүдийг оршуулсан газар босгосон байна. Түүхчдийн хэлж байгаагаар, энд 9000 орчим хүнийг хороожээ. Цогцолборыг 2000 онд нээсэн байна.

No comments: