Friday, April 16, 2010

Д.МЕДВЕДЕВИЙН АЙЛЧЛАЛЫН ДҮН ОРОСЫН ХЭВЛЭЛД

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин Польшийн Гданьск хотод очлоо. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 70 жилийн ойд зориулсан баяр оролцоно. Гданьскт болох уулзалтад Европын орнуудын удирдагчдыг урьжээ.
Оросын Ерөнхий сайд Польшийн Засгийн газрын тэргүүн Дональд Тусктай хэлэлцээ хийнэ. Түүнээс гадна Украин, Нидерланд, Болгар, Финланд, Словени, Хорватийн Ерөнхий сайд нартай уулзахаар төлөвлөжээ.

Гитлерийн Герман 1939 оны есдүгээр сарын 1-нд Польшид халдан довтолсноор дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн. Орчин үеийн нийт түүхэнд томоохон нь болох энэ дайнд 50-70 сая хүн амь үрэгдсэн гэсэн мэдээ бий.
Дайн эхэлсний 70 жилийн ойн гол арга хэмжээ Гданьск хотод болно. Энд 20 орчим улсын Ерөнхий сайд нар ирэх юм.
70 жилийн тэртээх үйл явдалд ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийн талаар сүүлийн үед маргаан дэгдсэнтэй холбогдуулж Оросын Ерөнхий сайд Орос, Польш хоёр дэлхийн хоёрдугаар дайнд холбоотон байснаа үндэс болгон харилцах хэрэгтэй гэж үзэж байгаагаа хэллээ.
Польшийн “Газета Выборча” сонинд нийтлэгдсэн В.Путины “Түүхийн хуудас - бие биеэ зэмлэх шалтаг уу? Эсвэл эвлэрч, түншлэх үндэс үү?” гэсэн өгүүлэлд “Өнгөрсөн үеийн сүүдэр Орос, Польшийн хамтын ажиллагааны өнөөгийн, тэр тусмаа маргаашийн өдрийг дахиад гутаах ёсгүй” гэж тэмдэглэжээ.
Эл өгүүлэлд, тухайлбал Молотов - Риббентропын гэрээ, Катынь, Зөвлөлт-Польшийн 1920 оны дайны тухай өгүүлжээ. 20 дугаар зууны үйл явдал бидний нийтийн түүх, түүнийг биднээс салгашгүй гэж Путин бичжээ.
Эрээ цээргүй улс төрчдийн ая таалалд нийцүүлэн нийгмийн ухамсрыг гуйвуулах, өнгөрснийг өөрчлөх, улс төрийн түр зуурын ашиг сонирхлоор түүхийг өөрчлөх гэснийг Оросын Ерөнхий сайд эсэргүүцэв.
“Зарим оронд бүр үүнээс ахиж, нацистын хамсаатнуудыг баатарлаг үйлстэн болгож, амь үрэгдэгсэд болон зандалчид, чөлөөлөгчид болон булаан эзлэгчдийг нэг зиндаанд тавьж байна” гэж эл өгүүлэлд бичжээ.
“Орос-Польшийн харилцааг бидэнд өвлөсөн үл итгэх, сэжиглэх дарамтаас ангижруулахын тулд бүхнийг хийх нь амь үрэгдэгсдийн өмнө, түүхийн өмнө бидний хүлээх үүрэг мөн” гэж итгэж байгаагаа Оросын Ерөнхий сайд илэрхийлсэн байна.
Тэр жилүүдийн гадаадын хэвлэлд болсон үйл явдлыг нэг л утгаар дүгнэж байжээ. Британийн Picture Post сонины “дайны” анхдугаарт Гитлерийн зургийг “Нийт дэлхийн эсрэг этгээд” гэсэн гарчигтай нийтлэжээ.
“Их Британийн Ерөнхий сайд Невилл Чемберлен парламентад үг хэлэхдээ “Бид энх тайвныг хамгаалахын төлөө сүүлчийн цагаа хүртэл тулалдсан. Ингээгүй бол хамаг хариуцлага зөвхөн нацистын Засгийн газарт бүрэн оногдох байсан” гэж хэлснийг иш татжээ.
1939 оны есдүгээр сарын 1-нд хэвлэгдсэн Америкийн гол гол сонинд Европт эхэлсэн дайны талаар “Гитлер дайныг эхлүүлэх тушаал өгөв”, “Хүч хэрэглэхийг Гитлер тушаав. Данцигийг эзэлж, Польшийг бөмбөгдөв” гэсэн гарчигтай нийтлэжээ.
Франц, Англи улс энх тайвныг аврахын тулд бүхнийг хийсэн. Гэвч “дайн хийх гэсэн Германы Канцлерыг юу ч саатуулж чадсангүй” гэж Францын сонинуудын есдүгээр сарын 2-ны дугаарт бичжээ.
“Гитлер үүнийг л хүссэн. Зөвхөн тэр хүссэн. Тэрбээр сая сая хүнийг цаазаар авахаар яллав. Германы хувьд хууль гэдэг түүний хүсч, тулган хүлээлгэж буй зүйл юм. Рейх өөрийнхөө хуулийг бий болгож байгаа буюу бий болгохыг санаархаж байна” гэж Paris-Soir сонинд бичжээ. Дэлхийн хоёрдугаар дайн 1945 оны есдүгээр сарын 2-нд Германы холбоотон Япон үг дуугүй бууж өгөх актад гарын үсэг зурснаар дууссан юм.

No comments: